Нэвтрэх хуудас

Хэвлэх

Танилцуулга

 

  2011 онд шинэчлэн баталсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 46, 2023 оны 96 дугаар тогтоолоор дүрмийг баталж 2012 оны 183 дугаар тогтоолоор бүтэц, орон тоог баталсны дагуу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо үүсэн байгуулагдсан билээ.

  Зохицуулах хорооны үйл ажиллагаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 46, 2023 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дүрмээр зохицуулагддаг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй хэрэглэгчийн болон салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий бие даасан, хараат бус хамтын удирдлагын байгууллага юм.

  Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын болон үнэ, тарифыг хянан баталгаажуулах үйлчилгээний хураамж, сургалт сурталчилгаа, мэдээллийн орлого зэргээс санхүүжих бөгөөд тухайн жилийн үйл ажиллагааны төсвөө Зохицуулах хорооны хурлаар баталж, гүйцэтгэлээ Барилга, хот байгуулалтын яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид тайлагнадаг болно.

  Зохицуулах хороо нь тухайн орон нутгийн онцлог, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээг харгалзан усны үйлчилгээний үнэ тарифыг ялгавартайгаар батлан мөрдүүлэх бөгөөд ингэснээр хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагыг эрүүл ахуйн стандартад нийцсэн цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагааны доголдлыг арилгах, усны алдагдлыг бууруулах, санхүүгийн алдагдлыг багасгах, Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхийн бусад орнуудын дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэх, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахыг үйл ажиллагааныхаа эрхэм зорилго болгон ажиллаж байна.

  Мөн Зохицуулах хороо нь эрхлэх асуудлынхаа чиглэлээр холбогдох дүрэм, журмыг батлан мөрдүүлэх, эрх зүйн орчин нөхцөлийг боловсронгуй болгох, тухайн хот, суурин газарт хүн амыг цэвэр усаар хангах, үйлчилгээний тарифыг боловсронгуй болгох бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг нэн тэргүүний зорилт болгоод байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын бүтцийг тодорхойлох, тариф тогтоох аргачлал, төлбөр тооцох журам, цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;

10.1.2.энэ хуулийн 15.1.11-д заасан үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн хэмжээг тогтоох;

10.1.3.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргаж, Зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу зөвшөөрлийн нэгдсэн санд бүртгүүлэх;

10.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;

10.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

10.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, эд хөрөнгөө барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;

10.1.7.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс холбогдох мэдээллийг гаргуулах;

10.1.8.аж ахуйн харилцааны дүрэм батлах;

10.1.9.зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох аргачлал баталж, хэрэгжүүлэх;

10.1.10.гадаргын болон хөрсний усыг ариутгах татуургын системд нийлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох;

10.1.11.бусдын эзэмшлийн шугам сүлжээ, дамжуулан шахах насосын  станцаар цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч, шугам сүлжээ эзэмшигчдийн хооронд хийх төлбөр тооцооны журам батлах;

10.1.12.энэ хуулийн 3.1.14-т заасан хангагчийн үйлчлэх хүрээг тогтоох журам батлах;

10.1.13.техникийн нөхцөл олгох журам батлах.