Нэвтрэх хуудас

Хэвлэх

"МОНГОЛ УЛСЫН УНДНЫ УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭХ НЬ" СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

"МОНГОЛ УЛСЫН УНДНЫ УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ  ХЭЛЭЛЦЭХ НЬ"  СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

  Манай улс 2020 онд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого батлан гаргасан бөгөөд бодлогын Ногоон хөгжлийн зорилтын хүрээнд шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангагдсан хүн амын эзлэх хувийг 2025 онд 85, 2030 онд 87.5, 2050 онд 90 хувьд тус тус хүргэх зорилт тавин ажиллаж байна.

  Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн “Ундны усны чанар, аюулгүй байдлын талаар мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэх арга хэмжээ авч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгасныг хэрэгжүүлж Монгол Улсын 21 аймгийн 360 сум, суурин газар, Улаанбаатар хотын 9 дүүрэг, төмөр замын дагуух 128 өртөө ус хангамжийн эх үүсвэрүүд болон сумдын төв, суурин газрын эх үүсвэрүүдэд хийсэн нарийвчилсан судалгааны үр дүнг цахим хэлбэрт шилжүүлж “Ундны усны нэгдсэн мэдээллийн сан”-г бий болов.

Уг судалгааны ажлыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран, НҮБ-ийн Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр 2019-2022 оны хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.

* Судалгааны ажил 2019 оны 6 сард Орхон аймгаар эхэлж байсан бол 2022 оны 10 сард Өвөрхангай аймгийн судалгаагаар дууссан.

* Хээрийн судалгааны ажлын үргэлжилсэн хугацаа- 361 хоног

* Туулсан нийт зам-102464 км

   Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь Монгол Улсын ундны усны чанарын судалгаа, 

  ШУА-ийн ХХТХ-ийн Экологийн химийн лаборатори доктор (ph.D) Б.Амарсанаа Монгол орны ундны усны чанарын судалгааны дүн,  

  ШУА ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга, ЮНЕСКО-ийн Газрын доорхи усны тогтвортой менежментийн тэнхимийн эрхлэгч  С.Чинзориг  

Монгол орны хэмжээнд төв, суурин газрын ундны усны чанарын судалгаа хийж, мэдээллийн сан байгуулах сэдвээр тус тус илтгэл тавьсан.

  Монгол Улсын ундны усны чанарын судалгаагаар нийт 21 аймгийн 360 сум, тосгон, суурин газар, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 128 төмөр замын дагуух өртөө, зөрлөг, суурингийн УТБ, гүний худаг зэрэг төв суурин газрын унданд хэрэглж байгаа 3582 уст цэгийн сорьцонд ерөнхий физик-хими, бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн шинжилгээг 88 үзүүлэлтээр тодорхойлсон болно. Шинжилгээний дүнгээс харахад 1367 сорьц “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаагүй болно.

  Судалгаанд хамрагдсан уст цэгүүдээс “Унданд хэрэглэх боломжгүй” буюу хаах шаардлагатай 151 уст цэг, “Нэмэлт төхөөрөмж суурилуулах” шаардлагатай 606 уст цэг, “Нэмэлт төхөөрөмж суурилуулж, халдваргүйжилт хийх” шаардлагатай 296 уст цэг, “Ариутгал халдваргүйжүүлэлт хийх” буюу хэт ягаан туяа, хлоржуулах аргаар ариутгал, халдваргүйжилт хийж дахин шинжилгээнд хамруулсан тохиолдолд унданд хэрэглэх шаардлагатай 313 уст цэг, “Унданд шууд хэрэглэх” боломжтой 2216 уст цэгүүд байна.

  Судалгааны дүнгээс харахад нийт шинжилгээнд хамрагдсан сорьцын 62 хувь нь унданд шууд хэрэглэх боломжтой буюу стандартын шаардлага хангасан, 4 орчим хувь нь ундны усанд хэргэлэх боломжгүй, харин үлдсэн 34 хувь нь нэмэлт шүүлтүүр суурилуулах, ариутгал, халдваргүйжилт хийсний дараа унданд хэрэглэх боломжтой дүн гарсан болно.

  Эндээс үзвэл “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлого” болон Монгол Улсын Засгийн газрын “Алсын Хараа 2050” хөгжлийн бодлогод тусгагдсан 2050 он гэхэд

баталгаат усаар хангагдсан хүн амын эзлэх хувийг 90 хувьд хүргэх зорилтыг биелүүлэхэд тухайн аймаг, сум, суурин газрын удирдлагууд анхаарлаа хандуулж ажиллах нь чухал байгааг харуулж байна.

  Монгол Улсын Ундны усны чанарын судалгааны энэхүү бидий хийсэн ажил эхнээсээ үр дүнгээ өгөөд байна. Тухайлбал, Хөвсгөл болон Дундговь аймгууд чанарын судалгааны үр дүнд тулгуурлан Азийн хөгжлийн банканд хандан санхүүжилт авснаар ундны усны чанарыг сайжруулах тоног төхөөрөмжийг шинээр сууриулуулах ажлыг зохион байгуулах нөхцөл бүрдээд байна.