Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” хэлэлцүүлэг боллоо

“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 161 дүгээр тогтоолоор  "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" төслийг 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төвтэй хамтран “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” хэлэлцүүлгийг 2022 оны 03-р сарын 29-ний өдөр Барилгын хөгжлийн төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,  Усны газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, 19 аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн удирдлагууд, аймгийн Ерөнхий архитекторууд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын удирдах ажилтнууд, нийт 93 сумын Засаг дарга нарыг тус тус хамрууллаа.

Тус хэлэлцүүлгээр сумын хөгжилд дэд бүтцийг бий болгох ялангуяа инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих, сумын иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээг иж бүрэн хүргэх, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангах, төвлөрлийг сааруулах чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого чиглэл, сумдын дэд бүтцийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.