Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022” боллоо

“Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022” боллоо

Барилга, хот байгуулалтын яамнаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төвтэй хамтран “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022” -ийг Миллениум плазагийн хурлын танхимд 2022 оны 03-р сарын 28-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус салбарын нийт 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тус арга хэмжээг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэллээ. Тэрээр хот, суурин газрыг байгуулж, хөгжүүлэхэд инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг шинээр барьж байгуулах, өргөтгөн хөгжүүлэх, сайжруулах, түүнийг зүй зохистой ашиглах шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар асуудалд аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагууд чухал үүрэгтэйг онцлон хэллээ.  Мөн салбарын байгууллагууд нь тухайн орон нутагт улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж байгаа арга хэмжээнүүдэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашдын ашиглалт үйлчилгээг бүрэн хариуцаж, өмчийг эзэнжүүлж, эзний ёсоор хандан хичээл, зүтгэлтэй ажиллахыг салбарын нийт инженер, албан хаагчдад даалгалаа.

Зөвлөгөөнд дараах илтгэлүүдийг танилцуулсан. Үүнд:

  1. “Орон сууц, нийтийн аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, хууль, эрхзүйн баримт бичгүүд “ - БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан
  2. “Нийтийн аж ахуйн салбарын зохицуулалтын өнөөгийн байдал, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2021 оны санхүү, эдийн засгийн байдалд хийсэн хяналт, үнэлгээний танилцуулга” - Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь
  3. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн байгууллагуудын өнөөгийн байдал, тэргүүн туршлага, цаашдын бодлого, чиглэл, дотоод хамтын ажиллагаа - Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Алтангэрэл
  4. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудын боловсон хүчин, хүний нөөцийг бэхжүүлэх, салбарт зохион байгуулагдаж буй сургалт - “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” МТББ-ын гүйцэтгэх захирал Б.Пүрэвжав
  5. “Усны тухай хууль”, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”, дагалдах дүрэм, журмууд - Усны газрын дарга Ш.Мягмар
  6. Хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудал - Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Жавзандулам
  7. Салбарын хөрөнгө оруулалт болон ашиглалт, техник, технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам - “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар
  8. Салбарын мэдээллийн сангийн хөгжүүлэлт /Хот байгуулалтын кадастрын цахим систем/ - ГЗБГЗЗГ-ын ХБКХ-ийн дарга Х.Оюунбаяр
  9. “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны семинар, зөвлөгөөн 2020”-өөс гарсан ажлыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт - БХБЯ-ны НААИДББХЗГ-ын ахлах шинжээч М.Ням-Очир
  10. “Орон сууц нийтийн аж ахуйн салбарт зориулсан мэдээллийн нэгдсэн “ABIS” системийн танилцуулга - “ECM” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Отгонбагана
  11. “Смарт контор” программын хөгжүүлэлт, ашиглалтын талаар танилцуулга “Дататек” ХХК-ийн Хэрэглэгчтэй харилцах үйлчилгээний ажилтан Ш.Батболд

Илтгэлүүдийг танилцуулсны дараа нийт оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд орон сууц, нийтийн аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн баримт бичиг, салбарын хөрөнгө оруулалт болон ашиглалт, техник, технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.