Нэвтрэх хуудас

Хэвлэх

Өнөөдөр бол Дэлхийн усны өдөр

Өнөөдөр бол Дэлхийн усны өдөр

Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор  НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүрийн энэхүү өдрийг тусгай уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ жилийн хувьд “Газрын доорх ус” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан билээ.

Үүний дагуу бидний нүдэнд үл үзэгдэх далд баялаг болох газрын доорх усыг судлах, түүний үнэ цэнэ, үнэлэмжийг олон нийтэд сурталчлан таниулах, усны нөөц, түүнийг зөв зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан усны менежментийг сайжруулах чиглэлээр улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан.

Газрын доорх ус нь бидний нүдэнд үл үзэгдэх боловч түүний нөлөөлөл хаа сайгүй харагдаж байдаг. Үүний тод жишээ нь ундны усны хангамж, ариун цэврийн байгууламж, газар тариалан, аж үйлдвэр, экосистем төдийгүй бидний хүрээлэн байгаа орчинд хүртэл газрын доорх гүний ус чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сүүлийн жилүүдэд улс, орнуудад хүний ​​буруутай үйл ажиллагаанаас болж газрын доорх гүний усыг нөөцийг бохирдуулах, хэтрүүлэн ашиглах үйл явц нь эргээгээд байгалийн экосистемийг алдагдуулах, цаашлаад усны нөөцийн хомстолд оруулж болзошгүй байгаа.  Газрын доорх усыг нөхөн сэргээхэд ихэвчлэн урт хугацаа шаардагдах, хэцүү үйл явц билээ.

Газрын доорх гүний ус бидний нүдэнд тэр болгон ил харагдаггүй ч үүнийг анзааралгүй орхиж болохгүй юм. Бид энэхүү байгалиас заяасан далд баялгаа хайрлан хамгаалж, зөв зохистой ашиглан, ирээдүйн үнэ цэнэ бүхий баялгаа илүү сайн судалж мэдэх хэрэгтэй. Учир нь газрын доорх гүний усыг судлах, хамгаалах, тогтвортой ашиглах нь ирээдүйд өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход гол үүрэг гүйцэтгэхээр байна.