Нэвтрэх хуудас

Хэвлэх

Жамьянсүрэнгийн Батсуурийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнав

Жамьянсүрэнгийн Батсуурийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнав

Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны  байгууллага үүсч хөгжсний 100 жил,  ШУА  байгуулагдсны 60 жилийн ойг тохиолдуулан тус салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласан академич Ц.Оюунсүрэн,  МУБИС-ийн математик, байгалийн ухааны сургуулийн багш, доктор Х.Мөнхбаяр, Хот, суурины ус хангамж, ариутгах  татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, ШУА-ийн ахмадын холбооны тэргүүн Ш.Чунаг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, академич В.Н.Пармон нарыг ШУА-ийн тэргүүн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнаж, 2021 оны 12-р сарын 20-ны өдөр ШУА-ын Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл тус шагналыг гардуулан өглөө.

Ж.Батсуурь нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ШУА-ийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийг Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулах, ус хангамж, ариутгах татуургын салбарын тусгай зөвшөөрлийн болон санхүү, эдийн засгийн зохицуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгэх, харилцан мэдээлэл солилцох, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах зорилгоор хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хэрэгжүүлэн одоогийн байдлаар 11 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хариуцаж буй төмөр зам дагуух сум, суурин газрын өртөө, зөрлөгийн хүн амын унд ахуйд хэрэглэж буй ундны усны чанар, аюулгүй байдлын суурь судалгааны ажлыг хамтран гүйцэтгэж, цахим мэдээллийн нэгдсэн сан үүсгээд байна.