Нэвтрэх хуудас

Хэвлэх

Ерөнхий боловсролын 112 сургуулийн 220000 гаруй сурагчдад “Ус ба байгаль” сэдэвт хичээлийг орууллаа

Ерөнхий боловсролын 112 сургуулийн 220000 гаруй сурагчдад “Ус ба байгаль” сэдэвт хичээлийг орууллаа

Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Үүний дагуу Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тухайн жилд НҮБ-аас зарласан уриан дор уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийн гол зорилго нь цэвэр усны нөөц, ус хангамж, ариутгах татуургын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь 2013 оноос эхлэн  усны зүй зохистой хэрэглээний талаар сурталчлан таниулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, 2014 оноос Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулан усны тухай сургалтын хөтөлбөрийг насны онцлогт нь тохируулан боловсруулж, жил бүрийн дэлхийн усны өдрөөр нэгдсэн журмаар тус хичээлийг заадаг билээ.

Үүний дагуу 5 дахь жилдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн боловсролын газар, Туул, голын сав газрын захиргаа, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаа.

Дээрх ажлын хүрээнд Дэлхийн усны өдрийг угтан 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 112 сургуулиудын бага, дунд, ахлан ангийн нийт 220000 гаруй сурагчдад “Ус ба байгаль” сэдвээр 40 минутын хичээлийг мэргэжлийн инженер, техникийн нийт 130 гаруй мэргэжилтэн, ажилтнууд тухайн сургуулиудын багш нартай хамтран тус хичээлийг заасан бөгөөд мөн сурагчдын дунд усны талаарх мэдлэг сорих “Алтан хонх” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.