Нэвтрэх хуудас

Хэвлэх

Усны зөв зохистой хэрэглээ, түүний ач холбогдлын талаар хичээлийг 5 дахь жилдээ зохион байгуулна

Усны зөв зохистой хэрэглээ, түүний ач холбогдлын талаар хичээлийг 5 дахь жилдээ зохион байгуулна

Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Үүний дагуу Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийн гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Жил бүр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулахаар өөр өөр уриатайгаар тэмдэглэдэг бөгөөд 2018 онд “Ус ба байгаль” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн боловсролын газар, Туул, голын сав газрын захиргаа, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран иргэдийг усны зохистой хэрэглээнд уриалахын сацуу үр хүүхдүүддээ усаа хайрлаж гамнах ухааныг багаас нь хэвшүүлэх зорилгоор “Ус ба байгаль” сэдвээр 40 минутын хичээлийг сургуулийн насны хүүхдүүдийн суралцах онцлогт нь тохируулан боловсруулж, 03-р сарын 21-ний өдөр нэгдсэн хөтөлбөрийн дагуу Ерөнхий боловсролын сургуулиудад оруулах ажлыг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 

 

“Ус ба байгаль” сэдэвт хичээлийг эндээс татаж авна уу.

Мэргэжлийн байгууллагуудын хичээл заах сургуулиудын хуваарилалтыг эндээс татаж авна уу.