Нэвтрэх хуудас

Хэвлэх

ДЭЛХИЙН 00-Н ӨДӨР-МОНГОЛ УЛС

ДЭЛХИЙН 00-Н ӨДӨР-МОНГОЛ УЛС

Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн 00-н өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Анх 2001 онд энэхүү өдрийг Дэлхийн ариун цэврийн байгууллагаас санаачлан гаргасан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2013 оноос  “Дэлхийн 00-н өдөр”-ийг НҮБ-ын албан ёсны өдөр болгон зарлажээ.

Дэлхийн тогтвортой хөгжлийн 17-н зорилтын 6-рт “2030 он гэхэд бүх нийтээр ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаат үйлчилгээнд тэгш хамрагдах, ил задгай бие засах явдлыг зогсоох” гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан “Дэлхийн 00-н өдөр”-ийг жил бүр тусгайлсан уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2018 онд “Байгальд ээлтэй шийдлүүд” уриатайгаар тэмдэглэж байна.

 Иймд Зохицуулах зөвлөлөөс нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчиддээ “Дэлхийн 00-н өдөр 2018”-ийг тохиолдуулан харъяа нутаг дэвсгэрийнхээ хүрээнд гэр хорооллын болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн нүхэн жорлонгуудыг хөрсөнд шингэдэггүй, хаягдал бохирыг соруулдаг байхаар өөрчлөн сайжруулах ажлыг захиалгын үндсэн дээр төлбөртэйгээр хийж гүйцэтгэх, нүхэн жорлонгын хаягдал бохир усыг бохир соруулах тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөн төвлөрсөн ариутгах татуургын системд нийлүүлэх үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж эхлүүлэхийг ДААЛГАЖ байна.

 Мөн нүхэн жорлонг өөрчлөн сайжруулснаар иргэдийн амьдарч буй орчинд халдварт нян, бактери үржих эрсдэлээс хамгаалах, орчны эрүүл ахуйн нөхцөл сайжрах болон хөрсний бохирдол багасах зэрэг хүн ам, байгаль орчинд үзүүлэх ач холбогдлыг сурталчлах ажлыг олон нийтэд хүртээмжтэйгээр зохион байгуулахыг УРИАЛЖ байна. 

Үүний үр дүнд Монгол Улсын УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ийн 6-р зорилт хэрэгжих нөхцөл бүрдэх юм.