Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Төв аймгийн Хөшгийн хөндийд шинээр баригдсан олон улсын нисэх буудлын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээтэй танилцлаа

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Төв аймгийн Хөшгийн хөндийд шинээр баригдсан олон улсын нисэх буудлын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээтэй танилцлаа

Тус Зохицуулах зөвлөлд Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Буянт Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГ-аас Төв аймгийн Хөшгийн хөндийд шинээр баригдсан олон улсын нисэх буудлын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл авахаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт гаргасныг үндэслэн Зөвлөлийн даргын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан 08/01 тоот удирдамжийн дагуу ажлын хэсэг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцлаа.

“Буянт Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГ-ын төлөөлөгчид Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэгт шинээр баригдсан нисэх онгоцны буудлын талаар товч танилцуулж, тус онгоцны буудлын усны эх үүсвэрийн барилга байгууламж, усан сан, цэвэр ус цэвэршүүлэх байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглалт, үйлчилгээг нь хариуцах инженерийн байгууламжуудын үйл ажиллагаатай танилцуулсан юм. Үүнд:

  1. Гүний худаг 3ш: Цагт 21.6 м3 ус шахах Итали улсын W6 BHE 32-8/11 маркын насосоор тоноглогдсон, насосны түрэлт 97м, моторын хүчин чадал 11 кВт

Эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг төмөр тороор татаж, харуул хамгаалалтыг орон тооны ажилтнаар гүйцэтгүүлж байна.

  1. Цэвэр усны байгууламж: Ус цэвэрлэх ажлын болон нөөцийн 2 шугамтай, тус бүр 800м3/хоногийн хүчин чадалтай. Усыг кварцын элс, антрацид нүүрсээр нэвтрүүлэн шүүж, хлорын уусмалаар халдваргүйжүүлэн хэрэглэгчид түгээнэ. Шүүлтүүрийг зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн. Диаметр 1600мм, цагт 18.9 м3 ус шүүх хүчин чадалтай. Ус шүүлтүүрийн байгууламжийг иж бүрнээр Чех улсын Vanek үйлдвэрт үйлдвэрлэсэн. Байгууламжийн доор түүхий усны 1, цэвэрлэсэн усны 2 резервуартай.

Түүхий ус дамжуулах ф125мм-ийн диаметртэй хүчитгэсэн хуванцар хоолой 4450м, ф100мм-ийн диаметртэй мөн тийм хоолой 95м, нийт 4545.33 метр шугам сүлжээтэй.Цэвэрлэсэн ус дамжуулах хүчитгэсэн хуванцар хоолойгоор тавьсан гол шугам: ф150мм-675.69м, ф125мм-447.99м, ф100мм-237.03м, ф80мм-864.28м нийт 2225м

Салбар шугам: ф125мм-127.11м, ф80мм-570.27мм, ф50мм-73м, ф32мм-130.7мм нийт 901м.

  1. Бохир ус цэвэрлэх байгууламж: Хоногт 800м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, бохир усанд зохиомол аргаар бүрэн биологийн цэвэрлэгээ хийх 2 шугамтай, нэг нь нөөцийнх.

Хүчилтөрөгчгүй нөхцөлд азот арилгах, агаар болон урвалжийн тусламжаар усан дахь биологийн бохирдол түргэн хугацаанд задлах, үнэр арилгах, тунадас бүлэгнүүлэн ус ялгах процесс явуулж чийглэг бууруулах, гарсан лагийг нягтруулан цуглуулж, зөөж хаях схемээр ажиллах зарчимтай байгууламжуудын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.