Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг "Хөвсгөл ус суваг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг "Хөвсгөл ус суваг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Ус Суваг” ХХК нь 2016 оны 09-р сард шинээр үүсгэн байгуулагдсантай холбогдуулан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хүрээнд үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцах мөн Мөрөн суманд  усны үйлчилгээний үнэ тариф хэрхэн мөрдөгдөж байгааг болон тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өртөг зардлын бүрдэлтийг бодитой эсэхийг шалгаж мэргэжлийн дүгнэлт гаргах зорилгоор Зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу 2017.05.10-аас 2017.05.14-ний өдрүүдэд газар дээр нь ажиллав.

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй “Хөвсгөл ус суваг” ХХК сумын төвийн 29 орон сууцны барилгын 810 өрх, амины орон сууцны 110 айл өрх, 189 аж ахуйн нэгж байгууллага, гэр хорооллын 35000 хүн амыг  унд ахуйн усаар хангах зорилгоор эх үүсвэрийн 4 гүний худаг, 150м3 багтаамжтай 2 усан сан, 2-р өргөлтийн насосны станц, цэвэр усны 7,7 км дамжуулах,  12,7 км түгээх шугам, гэр хорооллын хэрэглэгчдийг усаар хангах зөөврийн 46 ус түгээх байр, 4 автомашин бүхий ус хангамжийн систем, ариутгах татуургын 17 км шугам сүлжээ, бохир усны өргөлтийн насос станц, цэвэрлэх байгууламжийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Тусгай зөвшөөрлийн хүрээнд дээрх үйл ажиллагаатай танилцахаас гадна Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, Орон нутгийн өмчийн газрын дарга бөгөөд  “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Болд нартай биечлэн уулзаж Зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамж, Зохицуулах зөвлөлийн хуулиар олгогдсон чиг үүрэг, Мөрөн суманд мөрдөгдөж байгаа усны үнэ тарифыг хэрхэн тогтоосон талаар болон тухайн орон нутагт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа тухай танилцуулж, цаашид аймгийн удирдлага тус хуулийн хэрэгжилтэд анхаарах, “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах талаар санал солилцов.

          

Аймгийн засаг дарга Л.Ганболд тухайн саналуудыг хүлээн авч, цаашид зохих шийдвэр гарган анхаарч ажиллахаа илэрхийлж, сумын удирдлагууд болон “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн ажилтануудад салбарын үйл ажиллагааг таниулах, шинэ дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, шинэ соргог мэдээ мэдээллээр хангах, усны үнэ тариф хэрхэн тогтоодог талаар мэдээлэл өгч  дэмжин ажиллах хүсэлт гаргав. 

Мөн аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй Мөрөн сумын багийн засаг дарга нар, Иргэд нийтийн хурлын дарга нарын бүрэлдэхүүнтэй усны үнэ тарифын талаар хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлэгт Зохицуулах зөвлөлийн хуулиар олгогдсон бүрэн эрх, үүрэг,  баримталдаг бодлого, усны үнэ тариф тогтоох аргачлал, хууль эрх зүйн үндэслэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар товч мэдээлэл өгч харилцан санал солилцов.

Үр дүн:

Орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдах ажилтанууд, иргэдэд усны үйлчилгээний үнэ тарифыг бодит зардалд тулгуурлан хэрхэн тогтоодог талаар үнэн зөв мэдээлэл өгч, ус хангамжийн эх үүсвэрийн энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг хуулийн дагуу ИТХ-аас тогтоох, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөх, техникийн нөхцөл олгох комисс байгуулах зэрэг ажлуудыг  хэрэгжүүлэхээр боллоо.