Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар

 

..... тоот Зөвлөх үйлчилгээний

Гэрээний хавсралт 1

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

 

Ажлын зорилго: Ус, хангамж ариутгах татуургын салбарын байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн чадавхийг тодорхойлох.

Хугацаа: 2 сар

Эхлэх хугацаа: 2017.01.23

Дуусах хугацаа: 2017.03.31

Захиалагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хот, Монгол Улс. 

Нэг. ҮНДЭСЛЭЛ

Байгууллагын чадавхийг хөгжүүлэх нь цаг хугацааны туршид хөгжин, үргэлжлэн явагдаж байдаг үйл явц бөгөөд дотоод ба гадаад хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай байдаг. Чадавхийг хөгжүүлэх асуудал нь дан ганц сургалтын тухай ойлголт биш бөгөөд энэ нь байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тогтолцоо хоорондын уялдаа холбоог хангасан байдал, тухайн байгууллагын нийгэмд үзүүлж буй манлайлах чадавхи, хамтрагч талуудын оролцоотой төлөвлөлт ба гүйцэтгэл, хяналт хийх чадавхи гэх мэт олон шалгуур үзүүлэлтээр хэмжигддэг. Иймээс Ус, хангамж ариутгах татуургын ашиглалтын байгууллагуудын өнөөгийн үйл ажиллагааны чадавхи нь ямар түвшинд байгааг, цаашид юун дээр анхаарч ажиллах шаардлагатай, мөн ирээдүйн чадавхийг тодорхойлсноор байгуулагад бий болох давуу тал, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх нь нэн чухал байна. Салбарын байгууллагуудын Үйл ажиллагааны чадавхийг бүрдүүлснээр усны үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашиг дээшилэх болно.

Хоёр. ЗОРИЛГО

Олон улсын тарифын аргачлалын хүрээнд Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг эрхэлдэг эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааны чадавхид үнэлгээ, дүгнэлт хийх, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг тодорхойлох зорилготой.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

  • Ус хангамж ариутгах татуургын байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн чадавхийн үнэлгээг хийж, цаашдын чадавхийг тодорхойлох.
  • Ус, хангамж ариутгах татуургын салбарын үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудын хамтран ажиллах чадавхийг үнэлэх, шаардлагатай чадавхийг тодорхойлох.
  • Байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалт, дотоод ба гадаад үйл ажиллагаа, техник хэрэгслийн хангамжийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийг авч чадавхийг үнэлэх, шаардлагатай чадавхийг тодорхойлох.
  • Байгууллагын ажилтан албан хаагчид, тэдний мэдлэг мэргэжил, мэргэшил, дадлага туршлага, хариуцлагын талаарх өнөөгийн чадавхийг үнэлж, цаашид шаардлагатай чадавхийг тодорхойлох.
  • Гадаад орнуудын туршлагыг судалж, Монгол улсын ус, хангамж ариутгах татуургын байгууллагуудын үйл ажиллагааны чадавхи ямар түвшинд байгааг мэдэх, гадаадын туршлагаас өөрийн оронд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх.

Гурав. Ус хангамж, ариутгах татуургын байгууллагуудын үйл ажиллагааны чадавхийг үнэлэхэд баримтлах зарчим

  1. Шударга, бодитой, сонирхлын зөрчил, субъектив нөлөөллөөс ангид байх;
  2. Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;
  3. Төлөвлөлт, хэрэгжилт, хяналт ба үнэлгээг хамтын оролцоотой хийх; 

Дөрөв. Ажлын хамрах хүрээ 

Багануур дүүрэг, Төв аймаг, Ус сувгийн удирдах газар гэсэн зорилтод хүрээг хамарна.

Ус, хангамж ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн Чадавхийн үнэлгээг хийнэ. Үүнд:

Хамтын ажиллагааны чадавхийн үнэлгээ;

  • Хамтын оролцоотой салбарын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт ба үнэлгээг гүйцэтгэж байгаа эсэхэд үнэлэлт өгч, цаашидын чадавхийг нь тодорхойлох.
  • Ус, хангамж ариутгах татуургын салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд, хэрэглэгчид бусад сонирхлын бүлгүүдийн төлөөлийн оролцоо ямар түвшинд байгааг үнэлж, цаашдын чадавхийг тодорхойлох.
  • Байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, тэдгээрийн үүрэг, хариуцлага, хүчин чадал, усны нөөц, чанар, ашиглалтын түвшин зэрэг мэдээллийг олон нийтэд нээлттэй байж чадаж байгаа эсэхийг үнэлж, цаашдын чадавхийг тодорхойлох.
  • Хамтын ажиллагааны үр дүнг тодорхойлох.
  • Хангагч, хэрэглэгчдийн хоорондын харилцааг үнэлэх.

Байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны чадавхийн үнэлгээ

  • Байгууллагын үйл ажиллагааны журам, стандарт, соёлыг үнэлж, дүгнэх, цаашдын чадавхийг тодорхойлох.
  • Байгууллагын дотоод үйл ажиллагааны уялдаа холбоо, явуулж буй үйлчилгээг үнэлэх, цаашдын чадавхийг тодорхойлох.
  • Олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд анхаарч харилцан туршлага солилцох, мэргэжилтэн солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа эсэх хэрэв тийм бол өөрийн орны хөрсөн дээр хэрхэн буулгаж байгаад үнэлэлт дүгнэлт хийх, цаашидын чадавхийг тодорхойлох.
  • Байгууллагын удирдлага, ажилтнууд хоорондын харилцан хариуцлага хүлээх чадавхийг үнэлэх.
  • Байгууллагын тогтолцоог ойлгомжтойгоор тодорхойлох.
  • Байгууллагын техник хангамжийг сайжруулах, шинэчлэх тал дээр ямар ажлыг хийж байгааг үнэлж, дүгнэх, цаашид шаардлагатай чадавхийг тодорхойлох.
  • Шинэ мэдлэг, мэдээллийг ажил, үйлчилгээндээ нэвтрүүлж ажиллаж байгааг үнэлж, дүгнэх, цаашид шаардлагатай чадавхийг тодорхойлох.

Хүний нөөцийн чадавхийн үнэлгээ

  • Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй эсэхийг дүгнэх, цаашдын чадавхийг нь тодорхойлох.
  • Мэргэшсэн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд тусгайлан анхаарч ажиллаж байгаа эсэх, ялангуяа Ус, хангамж ариутгах татуургын инженер, цэвэрлэх байгууламжийн технологийн инженерийн боловсон хүчний мэргэжил мэдлэгт анхаарч ажиллаж байгаад үнэлэлт өгөх, тодорхойлох.
  • Цаашид Ажилтаны үнэлэмжийг дээшлүүлэх тал дээр авах арга хэмжээг тодорхойлох.
  • Ажилчин, ажилчдын мэргэжил мэдлэг, туршлагын байдалд үнэлгээ хийж, цаашид шаардлагатай чадавхийг тодорхойлох.

Тав. Хүлээгдэж буй үр дүн

  • Ажлын даалгаварт дурьдсан чиглэлүүдээр тайлан, зөвлөмж боловсруулж ирүүлэх.
  • Ус, хангамж ариутгах татуургын байгууллагуудын өнөөгийн чадавхийг тодорхойлохоос гадна ирээдүйд бий болгох шаардлагатай чадавхи, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох.
  • Ус, хангамж ариутгах татуургын байгууллагуудын өнөөгийн үйл ажиллагаанд зайлшгүй тулгамдаж байгаа хэрэгцээ шаардлагыг олж тодорхойлох, цаашид ямар чиглэлийг баримталж ажиллахыг тодорхойлох.
  • Сонгосон Багануур дүүрэг, Төв аймаг, Ус сувгийн удирдах газруудын үйл ажиллагааны чадавхи ямар түвшинд байгааг тодорхойлно.

Зургаа. Үргэлжлэх хугацаа

Хугацаа: 2 сар

Эхлэх хугацаа: 2017.01 сар

Долоо. Тавигдах шаардлага болон ажлын туршлага

Зөвлөх үйлчилгээний баг нь Ус, хангамж ариутгах татуургын салбарын судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх шаардлагатай.

Найм.Төлбөрийн нөхцөл

Ажлын хөлсийг арга буюу төлбөрийн стандарт ажлын үр дүнд үндэслэсэн хэлбэрээр, гэрээнд заасны дагуу ажлын даалгаврын гүйцэтгэлээр төлнө. Төлбөрийг Монгол төгрөгөөр олгох бөгөөд ажлын хөлсөнд холбогдох бүх зардал, татвар зэрэг багтсан болно.

--- о О о ---