Нэвтрэх хуудас

Хэвлэх

Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь  2011 оны 10-р сард шинэчлэн батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 46, 05 сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан билээ.

Тус Зохицуулах зөвлөл нь хуульд заасан үндсэн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрх зүй, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшинд хүргэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх, ашгийг тэнцвэртэйгээр хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээрийн чадавхыг сайжруулах  зорилго тавин ажиллаж байна. 

Бид өнгөрсөн хугацаанд үйлчилгээний чанарыг сайжруулах, усны алдагдлыг бууруулах, хэрэглэгчдийг тоолууржуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үр ашгийг дээшлүүлж, зардлыг нь бууруулах тал дээр онцгой анхааран шат дараатай арга хэмжээ авч тодорхой үр дүнд хүрлээ. Салбарт үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг нэвтрүүлэн дүгнэх болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд дорвитой ахиц гарч байна. Улсын хэмжээнд тоолууржилтын түвшин дунджаар 79.8 хувьд хүрснээс орон сууцны айл өрхийн тоолууржилт 78.4 хувь болж 2012 онтой харьцуулахад  22.4 пунктээр нэмэгдсэн байна. 

Усны үйлчилгээний үнэ тарифын тогтолцоог боловсронгуй болгох ажлын хүрээнд үйлчилгээний суурь хураамжийг нэвтрүүлэн улсын хэмжээнд тарифыг шинэчлэн мөрдүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зардалд хяналт тавин борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталдаг болсноор салбарын санхүү, эдийн засгийн байдалд томоохон ахиц гарч байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. 

Өнөөгийн байдлаар тус салбарт ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нийт 150 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, иргэд, хэрэглэгчдийг чанар, стандартын шаардлагад нийцсэн унд, ахуйн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 

2016 оны 4 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд салбарын оролцоо асар их бөгөөд эдийн засгийн өсөлт, хүн амын сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Иймээс бид тогтвортой ногоон хөгжлийн технологийг салбарт нэвтрүүлэх, усны аюулгүй байдлыг хангах, баталгаат ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, тэгш байдлыг баталгаажуулах, бохир ус цэвэрлэгээний түвшинг дээшлүүлж хүн амын эрүүл мэнд, байгальд ээлтэйгээр зохион байгуулах, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг салбарт тулгамдаж буй олон асуудлыг зохицуулахад Зохицуулах зөвлөлийн оролцоог хангаж, шаардлагатай арга хэмжээг судалгаагаар тодорхойлон, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Салбарын цаашдын хөгжил, дэвшил болон биднийг үйл ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэн ил тод, нээлттэй, хариуцлагатай, чадварлаг, шуурхай байх зарчмыг дээдлэн ажиллахад хэрэглэгч та бүхний оролцоо, зөвлөмж, санаачилга үнэтэй хувь нэмрээ оруулах юм. 

Усны хангамж, ариутгах татуургын салбарын үйлчилгээний үр шимийг дээшлүүлж, найдвартай үйлчилгээ, шинэ боломж, сонголтуудыг бий болгон тав тухтай амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно гэдгээ илэрхийлж байна. 

Хүндэтгэсэн,

Усны зохицуулах зөвлөлийн дарга                                                     Э.Пүрэвжав